Чингис хаан 1 30
Чингис хаан киноны найруулагч, ивээн тэтгэж байгаа компани хоёрын саналаар гол дүрийн жүжигчин тодрох учиртай юм. Надад анхнаасаа оногдсон дүр гэвэл Зэв жанжин. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эр шүү дээ. Анхнаасаа л би өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд бодчихсон байлаа. Угаасаа надад ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байлаа. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч над руу залгаж байна. Тэгэхэд би Хөх хотод байсан юм. «Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна» гэж байна. Би гайхаад надад авсан дүр бий шүү дээ гэлээ. Тэгсэн чинь "Үгүй ээ, би Чингис хааны дүрд чамайг тоглуулах саналтай байна. Киног ивээн тэтгэгчдийн зүгээс ч мөн тийм байр суурьтай байгаа. Чиний өмнөх бүтээсэн дүрүүдийг үзээд бид тэгж шийдээд байна. Чи яаралтай энд ирэх хэрэгтэй" гээд утас тасарлаа. Тэгэхэд би 42-43 настай байлаа. Гэтэл кинон дээр гарах Чингис хааны дүр дөнгөж 20 гарсан залуу үеэс эхэлдэг шүү дээ. Би эхлээд айлаа. Би тохирохгүй байх гээд. Ингээд Бээжинд очоод нүүр будалтанд орлоо. Нүүрээ будуулаад хувцсыг нь өмслөө. Дараа нь кино бүтээгчид хэд хэдэн янзаар камераар бичиж авлаа. Тэр дүрсээ цаад том дарга нартаа үзүүлсэн юмсанж. Тэгээд тэд хараад, «Энэ хүнийг сонго, залуу харагдаж болохоор байна» гэсэн юм байлгүй. Би сонгогдсон байсан. Ингээд л би тоглох болсон юм даа. Чингис хааны дүрийг бүтээх болсон түүх гэвэл тун товчхондоо ийм.
развернуть свернуть
06:22
- Комментарии
RSS
Нет комментариев. Ваш будет первым!
Войдите или зарегистрируйтесь чтобы добавлять комментарии